Аз жаргал гэдэг бол эрүүл энх, баян чинээлэг, эрдэмтэй ухаалаг байхыг хэлнэ
Хүн бүр аз жаргалд хүрэхийг тэмүүлж өөр өөрийн сонгосон замаар аз жаргал уруу замнадаг. Аз жаргалд хүрэх цорын ганц хөдөлгөгч хүч нь та өөрөө юм
Жинхэнэ аз жаргалд хүрэхэд хувь хүний дотоод ертөнц, ухамсар, юмс үзэгдлийг аль талаас нь хэрхэн яаж хүлээж авах, амьдралын дадал хэвшил зэргээс ихээхэн шалтгаалдаг. Аз жаргалтай байж чаддаг хүмүүс аливаа хүнд хэцүү байдал, бэрхшээл саадыг эерэг талаас нь харж, аливаа зүйлээс сайн сайхан шинж чанарыг олж харж чаддаг, ажигч, бусдад чин сэтгэлээсээ хандаж, тэднийг сайн үйлд чиглүүлж чаддаг, уян хатан зан чанаратай, нийтэч байх онцлог ажиглагддаг. Ялангуяа тэд аз жаргалгүй хүмүүсийг бодвол илүү их хайрлаж уучилж чаддаг.
Ер нь аз жаргалыг мэдэрч болох олон хүчин зүйлийн нэг нь чин сэтгэлээсээ уужиртал сайхан инээх явдал юм. 20-р зууны 50 оны үеийн дайны хүнд хэцүү жилүүдэд байсан тэр үеийн хүмүүс өдөрт уужиртал сайхан инээх нь 18 минут орчим байсан бол 1990-ээд оноос хойшоо харамсалтай нь энэ хугацаа 6 минут л болсон судалгаа гаржээ. Ингэж инээх багассан нь нийгмийн олон гажуудал сөрөг хүчин зүйлээс улбаатай төдийгүй бидний аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг бууруулдаг. Чин сэтгэлээсээ инээх нь амжилтанд 50%, харилцаанд 97 %иар нөлөөлдөг гэж эрдэмтэд үзсэн байдаг. Инээдний ачаар олон хүн эдгэрэшгүй хүнд өвчнөөс салж илааршсан удаатай. Эртний Хятадад 10-н эмийн сантай байснаас 1 цирктэй бай гэдэг байжээ. Инээд нь тухайн хүндээ бие организмын хувьд уушигны амьсгалах чадварыг нэмэгдүүлж, булчинг сулруулж тайвшруулан хүч тамирыг нэмэгдүүлж, эрүүл чийрэг байдлыг илтгэж байдаг бол сэтгэл зүйн дотоод мөн чанарын хувьд мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн бухимдал, түгшүүр, уйтгар гунигийг арилгаж байдаг. Иймээс “инээд бол эрүүлжүүлэх эм” гэдэг.
Аз жаргалтай байх тухайд Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Соня хамт олонтойгоо хамтран 51-н бүлэг ажлыг эмхэтгэн аз жаргалтай байх доорх аргуудыг дэвшүүлжээ.
1. Тусархуу бай.
Бусдад туслаж явдаг хүмүүс байнга эзрэг энергиэр цэнэглэгдэж өөрөө жаргалтай байдгаас гадна бусдыг ч баярлуулдаг.
2. Сайхан зүйлийн тухай бод.
Өөдрөг үзэлтэй байхад аз жаргал дэргэд байдаг аж. Мөрөөдөл, уран сэтгэмжээрээ хэсэг хугацаанд амьдраад үзсэн хүмүүсийн сэтгэл санаа илт өөдрөг болж урьдыхаасаа илүү аз жаргалтай болж байгаа нь нотлогдожээ.
3. Хувь заяагаа дага.
Өөртөө тохиолдсон баярт үйл явдал бүрийг тэмдэглэж бай. Аз авчирсан явдлуудыг давтахыг хичээ.
4. Чаддаг зүйлээ ашигла.
Хэрэв та хошин шогийн мэдрэмж сайтай бол эл чадвараа ашиглан гунигтай байгаа нэгнээ хөгжөөж, баясаж болно шүү дээ. Энэ маягаар өөрийн давуу чанараа ашиглаж өөрөө сайн сайхын бүхнийг бий болго.
5. Буян үйлд. Буян үйлдсэнээр олон хүнийг баярлуулдаг. Мөн буян хийсэн хүн өөрөө эл үйлдэлдээ сэтгэл хангалуун байж жаргалтай байхаас гадна тусламж авсан хүн хэд дахин баярлаж эерэг энергийг буяны эзэнд илгээдэг гэжээ.
Аз жаргал буюу амьдралдаа сэтгэл хангалуун байхыг орчин үед амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, эд хөрөнгө, эрүүл мэнд, өндөр боловсрол, асуудалгүй тайван амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хувь хүн тус бүрт өөр өөр агуулгаар хэмжигддэг боловч ерөнхийдөө эрүүл мэнд, хөрөнгө баялаг, боловсролтой илүү нягт холбоотой болох нь тогтоогджээ. НҮБ, ДЭМБ болон бусад судалгааны байгууллагуудын мэдээлэл илтгэлд тулгуурлан тухайн улсын аз жаргалын түвшин эрүүл мэндийн түвшингээс хамгийн хүчтэй (корреляцийн үзүүлэлт 0,62), дараа нь хөрөнгө баялагаас (0,52), удаах нь боловсролын хүртээмжээс (0,51) хамаарч байна. Дээрх судалгааны дүнгээс дэлхийн аз жаргалтай орнуудыг жагсаасан байдаг.
Үүнд: хамгийн аз жаргалтай улс: 1 Дани, 2 Швейцарь, 3 Австри, 4 Исланд, 5 Багамын арал, 6 Финлянд, 7 Швед, 8 Бутан, 9 Бруней, 10 Канад, 11 Ирланд, 12 Люксенбург, ...гэх мэт,
Хамгийн аз жаргалгүй улс: 178 Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, 177 Зимбабве, 178 Брунди гэж жагсаажээ. Энэ жагсаалтанд Монгол 59, АНУ 23,Франц 62, Хятад 82, Япон 90, Энэтхэг 125, Орос 167-т тус тус жагссан байна.
Эх сурвалж:
1. Ирээдүй, Өөрчлөлт, Хандлага”,Монголын ирээдүй судлалын нийгэмлэг, Ган Принт ХХК, Улаанбаатар хот,2007
2. “Үнэн”, 2010.02.25, “Аз жаргалтай байх 5 арга”, ,№034, 6-р нүүр.
No comments:
Post a Comment