Бидний Монголчууд дэлхийн хөгжлийн зэрэглэлийн тоонд ядуу буурай ч биш, хөгжингүй орнууд ч биш “Хөгжиж буй орон” гэдэг зэрэглэлд багтан өөрсдийн өнгө төрхийг бүрдүүлэн он цагийг элээсээр л... . /”(2008 оны байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээр 194 орноос 134-д, хүний хөгжлийн индексээр 179 орноос 112-д, ардчиллын индексээр 167 орноос 58-д орж сэвтсэн ардчилалтай)”[1]/
Хэн нэг нь нэгэнтээ буруу ааш авиртай хэрнээ өндөр албан тушаалтай хүнээс илүү зэрлэг араатан үгүй хэмээжээ. Энэ үг өдгөө бидэнд биелэлээ олж, тусгалаа харуулсаар л байна. Хувьтай төрсөн бидэнд үржил шимтэй өргөн уудам онгон зэрлэг, унаган байгаль, өлсөж үл үхэхээр хүн амынхаа тооноос даруй 13 дахин их мал сүрэг, халуун амь, бүлээн цусаараа тамгалсан аугаа их түүх, тусгаар тогтнол, ардчилал эрх чөлөөг, эцэг өвгөд, ах эгч нараас минь өвлөгдөн заяагджээ.
Өнөөдөр Монголчуудын дийлэнхи хувь нь өнгө мөнгөний харгис хэрцгий хүчирхийлэлд автан, өвдөг сөхрөн, өндийн босож, эргэж сөхөрсөөр. Албан тушаалтан эрх яндагтнуудын авилгал хээл хахууль, анд найз нөхрийн хууран мэхлэлт, авааль эхнэр, нөхрүүдийн урвалт, тэрслэлт хэрээс хэтэрч, гэр бүлийн тогтвортой байдал орхигдон ирээдүй хойч үеийн хүмүүжил ёс суртахуун уланд гишгигдэх болжээ. Гэмт хэргийн үйлдэгдэх байдал улам зэрлэгшин урьд өмнө нь сонсох нь битгий хэл байдаг гэдгийг ч мэдэхгүй тийм үйлдлүүд ар араасаа цувран хөвөрсөөр. Ашиг хонжоо олж, алдар нэр хөөж, албан тушаалтай болж л байвал юу хийх, ямар үр дагварт хүрч болох, нийгэмд хэрхэн нөлөөлөх, бусдад ямар хор хохирол учирч болохыг хэтэрхий үл харгалзна. Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид нь авдаг хэдэн төгрөгөө голцгоон ажил үйлчилгээндээ хайнга хандаж, амьдарлаа ахиулах боломж эрэн авилга авах үүдээ нээнэ. Аль цагийн Монголчууд ад зэтгэрийн шуналд автан ариун ёс суртахуунаа агаарт хийсгэж, хөрсөнд булсан юм бол доо хөөрхий....
Эл бүгдийг хийх арга зам, үйлдэх технологийг хэвлэл мэдээллийн электон болон, гоё сайхан өнгөтэй хэвэлмэл ганган сурвалжууд хэтэрхий их сурталчилаад байгаа нь харамсалтай. Үүний үр дүнд нялх балчир оюун ухаан, төлөвшиж амжаагүй үзэл бодол хамгийн ихээр өртөгдөн эрэмдэглүүлж хохирч, ирээдүйд улам хар сүүдэрээ тусгахаар аюулын харанга дэлдсээр.
Эл бүгдийн учир шалтгаан нь яах аргагүй эрдэнэт хүмүүний ёс суртахууны ядуурал, өлсөглөн мөнөөс мөн бөгөөд үүнийг засаж залруулах хамгийн боломжтой арга нь залуучууд бид энэ цаг мөчөөс эхлэн хойч үеийнхнийхээ юун түрүүн ёс суртахууны төлөвшил, удаад нь бүх талын боловсролыг эрүүлээр зөв төлөвшүүлэхэд анхаарч өөрсдөө үлгэр дууриалал үзүүлэн, хошуучлан манлайлж, нийгмийн өмнө ихээхэн хариуцлага хүлээх цаг нэгэнт иржээ.
Хүнийхээ мөн чанарын хувьд төлөвшөөгүй, ёс суртахуунгуй нэгэн бээр өргөн их боловсрол, өндөр их албан тушаалыг олох аваас тэр их нөөц боломжийг өөрийнхөө ашиг тусын тулд хичнээн аюултай ашиглаж болдог жишээг бид хэн хүнгүй л мэдэрч байгаа билээ. Үүнийг газар авхуулж, дахин давтагдуулахгүй байх цор ганцхан арга зам байх бөгөөд энэ нь хүний ёс суртахууны төлөвшлийг хөгжүүлэх юм. Нэмж хэлэхэд хүн ёс суртахууны төлөвшлийг бага насандаа ялангуяа 14 хүртэлх насандаа олж авж бат бэхждэг. Харин цаашдаа түүнийг хөгжүүлж, бусдад илүү хүртээмжтэй болгох арга замыг хайдаг.
Жич:
· ёс зүй гэдэг нь: “(ёс, ёслол, ёс суртахуун, ёс суртахууны хариуцлага, зан суртахууны хэм хэмжээ мөн чанар, зүй тогтлыг судалдаг философийн салбар ухааныг ёс зүй гэнэ)”[2].
· Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах болох хуулиар зохицуулагддаггүй хэм хэмжээний нөхцөлд нийгмийн өмнө, бусдын өмнө хүлээх харицулага юм.
No comments:
Post a Comment